Эрчим хүчний салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо



Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн үйл ажиллагааг сурталчлан таниулах Нээлттэй өдөрлөгийг энэ сарын 16-27-ны өдрийг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ.

Эрчим хүчний яам хуваарийн дагуу 09 дүгээр сарын 26-ны өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үг хэллээ.

Өдөрлөгт эрчим хүчний салбарын харъяа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 36 үйлдвэр, компани оролцож, Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүллээ. Мэдээлэл, үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж, төлбөр, тооцоо болон үнэ тарифтай холбоотой санал, хүсэлт гаргаж байсан юм.