
Эрхэм зорилго: Алсын хараа: Үнэт зүйлс:
ü Найдвартай эрчим хүч Улаанбаатар хотын баруун болон • Чадварлаг бүтээлч инженер техникийн
ü Шинэ технологи баруун хойд бүсийн үндсэн ажилтан, ажиллагсад
ü Өөдрөг амьдрал дулааны эх үүсвэр, байгаль орчинд • Эрүүл аюулгүй орчин
ээлтэй дэвшилтэт технологи бүхий • Эерэг хандлага, нийгмийн хариуцлага
цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн төв болно. • Зөв менежмент, багийн сэтгэлгээ
• Түүхэн замнал, уламжлал
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд:
1) ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог Олон улсын стандартын шаардлагад нийцүүлж хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001:2018, Чанарын менежментийн тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх;
2) ХАБЭА-н бодлогыг удирдлагын тогтолцооны салшгүй нэг хэсэг байхаар зохион байгуулж, 3 жилд нэг удаа шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
3) аюулыг илрүүлж, аюултай тохиолдлыг мэдээлэх системийг нэвтрүүлэх хүрээнд техникийн үзлэг шалгалтын чанарыг сайжруулах;
4) шуурхай ажиллагааны сэлгэн залгалтын үед хүний буруутай үйл ажиллагааны уламаас аваар гаргахгүй байх нөхцлийг үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ тасралтгүй авч хэрэгжүүлэх, сайжруулах;
5) байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн таатай орчныг бүрдүүлэх талаар ажилтнуудаас гаргасан санал санаачлагыг дэмжих, урамшуулах;
6) хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны процесс, хяналтын системийг сайжруулах;
7) ажилтнуудад хэвшил болгон тогтоох мэдлэг, чадварыг дээшлүүлэхээр ХАБЭА-ийн төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулах ажилтан бүрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сэдэвчилсэн сургалт, симуляцийг зохион байгуулах;
8) ИТА, засвар, ашиглалтын ажилчдын түвшинд засвараас ажил хүлээн авах, хяналт мэдээллийн системийн мөрдөх сэдвийн дагуу мэдлэг, ур чадварыг тогтмол сайжруулах;
9) технологийн зөрчлийг хохирол багатай, даамжруулалгүйгээр тусгаарлах болон тоног төхөөрөмжийн хэвийн горимыг сэргээхэд чиглэсэн шуурхай ажиллагааны ажиллагсдын үйлдлүүдэд дүн шинжилгээ хийж, засварлан сайжруулах;
10) ажлын байрны осол, аюултай тохиолдлуудыг бууруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх;хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлсэн, хариуцлагатай компани болж, 5А зарчмыг баримтлах;
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд:
1) байгаль орчныг бохирдуулагч нөлөөллийг бууруулах – үнс, хаягдал ус, дизель, CO2 түвшин, дуу чимээний түвшин г.м;
2) байгаль орчны хамгаалах арга хэмжээг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлснээр зардлыг урт хугацаандаа багасгах;
3) байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг нэмэгдүүлэх;
4) үйлдвэрлэлийн хаягдал усыг цэвэршүүлэн ашиглах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5) үнсэн санг дахин ашиглах технологийн шийдлийг судалж, төсөл хэрэгжүүлэх;
Чанарын менежмент нэвтрүүлэх чиглэлд:
1) дотоод/гадаад орчинд хяналт үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг тогтоох;
2) тайлан, төлөвлөлтийн алдаанаас шалтгаалан зардал, нөөцүүдийг хэтрүүлэн зарцуулахаас сэргийлэх;
3) техникийн болон санхүүгийн үйл ажиллагааны тайлагнах, үнэлэх, дүгнэх, хянах нэгдсэн систем, стандарт бий болгох;
4) цех нэгжүүд, газар хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулах удирдлага хяналтын механизмыг хэрэгжүүлэх;
5) гадагшаа чиглэлд мэдээлэл солилцох процедурыг стандартжуулах;
Компанийн танилцуулга
Толгойтын дулааны цахилгаан станцын түүхэн замнал /1961-2001 он/
Монгол орны эрчим хүчний салбар үүсэн хөгжихөд нөлөөлсөн түүхэн чухал хувь нэмэр бол 1961 онд Толгойтын хэмээн нэрлэгдэх “ Дулааны хоёрдугаар цахилгаан станц ”-ыг барьж ашиглалтанд оруулсан явдал юм.
Манай орны нийслэл Улаанбаатар хотыг цахилгаан дулааны эрчим хүчээр хангах ойрын болон ирээдүйн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1958 оны 12 дугаар сарын 29-нд байгуулсан гэрээний дагуу “Толгойтын дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах ажил 1960 оны 3 дугаар сараас эхэлж, 1961 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг 20 минутанд Толгойтын Мах комбинат, Тоосгон заводын хэрэглэгчдэд анхны цахилгаан эрчим хүч өгснөөр манай станцын түүхэн замналын хуудас эхэлдэг юм.
Улмаар 1965 онд Нийслэлийн 1–р цахилгаан станцтай 35 кВ –ын, 1967 онд Дархан хотын ДЦС –тай 110 кВ –ын цахилгаан дамжуулах хос шугамаар холбогдож төвийн эрчим хүчний систем үүсгэсэн нь өнөөдрийн эрчим хүчний системийн анхдагч суурь болсон.
1968 онд ЗХУ-ын тусламжаар БКЗ-75-39 зуух 2ш, ПТ-12-35/10 турбогенератор тавьж өргөтгөснөөр тус станц нь 81 т/ц уур, 45 Гкал/ц дулаан, 24 мян. кВт.ц –ийн чадал бүхий цахилгаан станц болж өргөжсөнөөр өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангасаар ирсэн.
Тус станц нь 1961-1990 оны хооронд техник технологийн чанарын цоо шинэ дэвшилд хүрч Улаанбаатар хотын Мах комбинат, Гурилын үйлдвэр, Ханын материалын үйлдвэр, Савангийн үйлдвэр, талх чихрийн үйлдвэр, сүүний үйлдвэр болон Улаанбаатар хотын баруун бүсийн орон сууцны хорооллууд, Толгойт, Таван шар орчмын сургууль, цэцэрлэг бий болгох их бүтээн байгуулалтад дэд бүтцийн үндэс суурь нь болж Нийслэлийн хүн амыг хүнсээр хангах , орон сууцжуулах, боловсрол соёлыг хөгжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байлаа.
Мөн Улаанбаатар хотын баруун бүсийн дулааны эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхийн хамт 1980 онд тус станцын АК-6 маркын турбинд технологийн өөрчлөлт хийж Р-4 гэсэн эсрэг даралтын дулаан хангамжийн турбин болгон өөрчилж жилд үйлдвэрлэх дулааны эрчим хүчний хэмжээг 40 гаруй хувиар нэмэгдүүлсэнээр дулааны эрчим хүчээр найдвартай хангагдах болов.
2010 оноос цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх болсноос дахин технологийн өөрчлөлт хийж, цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээг 3 МВт-аар нэмэгдүүлсэнээр жилд 2,6 сая квт цахилгаан эрчим хүчийг нэмж үйлдвэрлэх боломж бий болов. Үүний үр дүнд турбиний хүчин чадал ашиглалт сайжирч станцын эдийн засгийн үзүүлэлт дээшилсэнээр санхүүгийн чадамж өсөн нэмэгдэв.
Улаанбаатар хотын “Толгойтын цахилгаан станц” хэмээх их айлын үүдийг нээж өрхийг татсан ахмадууд буюу тухайн үед ажиллаж байсан үе үеийн инженер техникийн ажилтан, ажилчдын нөр их хичээл зүтгэл, оюуны өндөр бүтээмжийг Төр засаг үнэлж: Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх V таван жилийн болон 1975 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн учир 1976 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв хорооны диплом, МАХН-ын XVIII их хурал, ардын хувьсгалын 60 жилийн ой угтаж 1981 оны бүх ард түмний социалист уралдаанд түрүүлж, 1982 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны үүрд дурсах улаан туг, диплом 50000 төгрөг, МАХН-ын XIX их хурал угтсан уралдаанд түрүүлсэн учир 1986 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны диплом, Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтаж зохиосон уралдаанд улсын тэргүүний соёлч үйлдвэрээр шалгарч БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн диплом 30000 төгрөгөөр тус тус шагнаж байсан.
Дулааны хоёрдугаар цахилгаан станц / 2001 оноос /
“Толгойтын дулааны цахилгаан станц” нь 2001 оны сүүлийн хагас жилээс “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” Төрийн өмчийн хувьцаат компани болж, нийт хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшихээр болсон байдаг бол 2018 оноос нийт хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус эзэмшихээр зохион байгуулсан.
Хувьцаат компаний хэлбэрт шилжсэнээс хойш станцын тоноглолын ашиглалтын хугацааг уртасгах, үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор дараах техник технологийн өөрчлөлт, шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлж ирлээ.
Үүнд: Зуух №1,3 / ТС-35-39 /-ыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний институтын эрдэмтэн , инженерүүдийн хамт нүүрсийг усан хөргөлттэй тавцан дээр шатаах дэвшилтэт технологид 2001 онд хийснээр 1961 онд суурилагдсан ул ширэмт зуухны ашиглалт сайжирч зуухны АҮК-ийг 28 хувиар дээшлүүлж ашиглалт , засварын зардлыг бууруулав. Зуухны өөрчлөлтийн үр дүнд нүүрсний шаталтаас агаар мандалд хаях утааны хийн найрлаганд агуулагдах хорт бодисын агуулга 1,5-2,0 дахин, үнсэн санд хаях үнсний хэмжээг 20-50 хувиар бууруулж, түлшний механикийн дутуу шаталтын хэмжээг 15-25 хувьтай байсан бол 1-2 хүртэл хувь болгож бууруулав.
800 м3/ц бүтээмжтэй 90 м напортой сүлжээний хувьсах хурдны насос 1 иж бүрдэл, 100 м3/ц бүтээмжтэй 40 м напортой сүлжээний нэмэлт усны хувьсах хурдны насосыг иж бүрдлийн хамт шинээр суурилуулах, дулааны сүлжээний нэмэлт усны деаэраторын бүтээмжийг 100 тн/ц хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн ба 2013 оны 11-р сараас өнөөг хүртэл хэвийн горимоор ашиглаж байна. Эдгээр дулаан хангамжийн тоноглолуудыг шинэчилж өөрчилснөөр дулааны сүлжээний ачааллаас хамааруулан сүлжээний усны насосны ачаалал, цахилгаан эрчим хүчний хэрэглээг оновчтой зохицуулах нөхцөл бүрдэв.
2014 онд 35 кв-ын ил хуваарилах байгууламж, 6 кв-ын ерөнхий хуваарилах байгууламжийн шинэчлэлээр 35 кв-ын 4ш таслуур, 10000 кВа-ын холбооны трансформатор 1ш, 6кв-ын 3 секц бүхий 54 самбараас бүрдэх хуваарилах байгууламж иж бүрэн, нум унтраах автомат реактор реле хамгаалалтын хамт бүрэн шинэчлэгдсэн. Цахилгаан тоноглолын шинэчлэлт хийгдсэнээр станцын найдвартай ажиллагаа нэмэгдэж, аваарын нөхцөлд системийн хэмжээнд станц бие даан ажиллах чадвар сайжрав.
1969 оноос хойш ашиглаж байсан ПТ-12-35/10 турбины тохируулгын блокыг шинээр иж бүрнээр нь сольсны дүнд турбины эдийн засгийн болон техникийн үзүүлэлтүүд сайжирч, найдвартай ажиллагаа хангагдав.
ТС-35-39 зуух №1-ийн үнс барих батерейн циклоны ажиллагааны онцлогоос шалтгаалан утааны хийтэй хамт хаягдах үнсний хэмжээ их байсан юм. Үнс барих батарейт циклоныг уутат шүүлтүүрээр сольсноор агаарын бохирдлыг бууруулах үндэсний стандартын шаардлагыг хангах нөхцөл бүрдэв. Уутат шүүлтүүрийн АҮК нь өндөр ба 99-өөс дээш хувиар агаарт утааны хийтэй хаягдах тоосонцорыг барих хүчин чадалтай бөгөөд хүрээлэн байгаа орчинд нөөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж мөрдөж байгаа стартыг хангах хэмжээнд хүргэв.
35 т/ц бүтээмжтэй шинэ зуух, Турбин №2 /Р4 маркийн эсрэг даралтын 4 МВт-ын хүчин чадалтай/-ыг шинэчилж, N-6 маркийн 6 МВт-ын хүчин чадалтай конденсацийн шинэ турбиныг туслах тоноглолын хамт иж бүрнээр нь суурилууллаа. Ингэснээр станцын уур боловсруулах чадал анхны төслийн хэмжээнд хүрч жилд түгээх цахилгаан эрчим хүч үйлвэрлэлтийг 160 сая кВт.ц-т хүргэж үндсэн тоноглоын бэлэн байдал найдвартай ажиллагааг хангав.
Тоос бэлтгэлийн систем бүхий БКЗ-75-39ФБ маркын зуухыг системийн хэмжээнд анх удаа ОХУ-ын “Бийск энергомаш” компанийн эрдэмтэн, инженерүүдийн зураг төслөөр Эрчимт буцалгасан үед нүүрсийг шатаах шинэ технологид шилжүүлэн амжилттай ашиглаж байна. Энэ шаталтын технологид шилжүүлсэнээр зуухны аюулгүй болон найдвартай ажиллагааг эрс дээшлүүлсэний зэрэгцээ байгаль орчинд хаягдах хорт хийн хэмжээг монгол улсад мөрдөгдөж байгаа стандартад хүргэв.
2016, 2018 онуудад галын хотолд тоосыг хуйлруулан шатаах тоосон систем бүхий БКЗ-75-39ФБ маркын зуухыг ОХУ-ын Бийскэнергомаш компаний лицензээр эрчимжсэн буцламтгай давхаргад нүүрсийг шатаах технологид зуухны хийцийг өөрчлөн шинэчилж ашиглаж байна. Тоосон систем бүхий БКЗ-75-39 зуухны нүүрсний шаталтыг шинэ технологид өөрчлөн шинэчилж ашигласанаар бүхэл бүтэн тоосон системийн ашиглалтын болон хүн хүчний зардлыг хэмнэсэнээс гадна өндөр үнээр импортоор худалдан авдаг мазутын хэрэглээг зогсоож мазут аж ахуйн тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бүрэн хэмжээгээр хэмнэсэн болно. Энэ туршлага дээрээ үндэслэн ТС-35 маркийн зуух № 1 –ийг нам температурын эрчимжсэн буцлах давхаргад түлшийг шатаах шинэчлэлтийн ажлыг тэрбум дөрвөн зуун мянган төгрөгний зардал гарган 2019 оны 9-р сараас эхлэн барилга угсралтын ажлыг хийж 2020 оны 3-р сард ашиглалтад оруулж тоног төхөөрөмжийн ажиллагааг зүгшрүүлэн горим туршилтыг хийж гүйцэтгэв.
Өнөөдөр тус станц нь жилдээ дунджаар 160 орчим сая квт.ц цахилгаан эрчим хүч, 230 орчим мянган Гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний 95 орчим хувийг “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХКомпанид, дулааны эрчим хүчний 87 хувийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКомпанид борлуулан ажиллахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчээр 16, технологийн уураар 22, дулаацуулгын дулааны эрчим хүчээр 19 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг шууд ханган ажиллаж байна.
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон жил бүр цахилгаан, дулаан үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд 60 жилийн хугацаанд 5.1 тэрбум гаруй кВт.ц цахилгаан эрчим хүч, 11.2 сая Гкал дулааны эрчим хүч түгээсэн эрчим хүчний салбарын ууган үйлдвэр болжээ.
Үйлдвэрлэлийн бус хэрэгцээнд зарцуулагдаж буй цахилгаан эрчим хүчийг хэмнэх бодлогыг тууштай явуулсны дүнд жил бүр дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулан ажиллаж байгаа бөгөөд 2020 онд өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг 0.32 пунктаар бууруулан ажиллалаа.
Сүүлийн 5 жилийн хугацаанд услын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийгдээгүй, өөрийн хөрөнгөөр 9.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын ажил гүйцэтгэсэн байна.
2020 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлсэн хэдий ч борлуулалтын орлогын төлөвлөгөөг 97.6 хувиар биелүүлж, зардлыг тодорхой хэмжээнд хэмнэж ажилласнаар хүлээгдэж буй алдагдлын хэмжээг бууруулж борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг төлөвлөсөн хэмжээнд барьж ажиллалаа. Улсын төсөвт зөвхөн сүүлийн 5 жилд 13.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Хүний амь нас эрсэдсэн аваар, осол сүүлийн 30 жилийн хугацаанд гаргаагүй бөгөөд хүний амь нас, осол, эрүүл мэнд, байгууллагыг материаллаг болон материаллаг бус хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ХАБЭА-н менежмент системийг нэвтрүүлэх” төслийг 2012-2013 онд хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирч аваар саатлын тоо жилээс жилд буурч байна.
“ДЦС-2” ТӨХК нь эрчим хүчний анхдагч үйлдвэрүүдийн нэг болохын хувьд салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хангах, дадлагажуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. “ДЦС-2” ТӨХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 1000 гаруй инженер техникийн ажилтан, 2000 гаруй өндөр мэргэжлийн ажилтанг бэлтгэж, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцууд болон орон нутгийн эрчим хүчний байгууллагуудыг анхны боловсон хүчнээр хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэн байдаг. Ялангуяа одоогийн гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг анх ашиглалтанд ороход ажиллаж байсан инженер техникийн ажилтан, ажиллагсдыг тус станцад бэлтгэж, дадлагажуулах үүргийг гүйцэтгэж ажилласан байдаг .
Тус станцаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Адилбиш, Н.Тогоо, Д.Гүрбазар, С.Дагвадорж, Б.Шатар, Монгол Улсын төрийн соёрхолт Д.Нүдэн зэрэг алдартнууд төрснөөс гадна Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 16, Алтан гадас одон 42, Хөдөлмөрийн хүндэт медаль 55, Засгийн газрын болон яамны жуух бичгээр 62, эрчим хүчний болон бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 212, Аж үйлдвэрийн тэргүүний мастер цол тэмдэгээр 40 хүн тус тус шагнагдсан байна.
Өнөөдөр тус компанид нийт 304 ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд 181 ажилтан буюу 59 хувь нь дээд ба тусгай дунд боловсролтой, 123 ажилтан буюу 41 хувь нь бүрэн болон бүрэн бус боловсролтой байна. Энэ үзүүлэлт нь станцыг мэргэжлийн өндөр чадавхитай боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч байсны илэрхийлэл юм. Нийт ажиллагсдын 229 нь буюу 76 хувь нь 18-45 настай ажиллагсад, 189 ажилтан буюу 63 хувь нь 6-34 жил тасралтгүй ажилласан ажилчид байна.
Тус компаний нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалт 98,3 хувьд хүрсэн нь цаг ашиглалтын хувь өндөр байгааг харуулж байгаа ба сүүлийн 5 жилд цаг ашиглалтын хувь тасралтгүй өсч байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилээр авч үзвэл нэг хүнд ноогдох цагийн гарздал 18,2 хувиар, ажил таслалт 25,0 хувиар, өвчлөлт 15,8 хувиар тус тус буурсан байна.
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн хөлс, нийгмийн хамгааллын асуудалд тогтмол анхаарч ажилласаар ирсэн билээ. Ажиллагсдын дундаж цалин 2,251,913 төгрөгт хүрсэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд 64.9 хувиар өссөн байна. Ажиллагсдын нийгмийн хамгаааллын зардалд жил бүр 692.0-960.4 сая төгрөгийг зарцуулж ирсэн бөгөөд нэг ажилчинд ноогдох нийгмийн зардал нь 2,283,000-3,159,200 төгрөг байгаа нь нэг хүнд ноогдох нийгмийн зардлын дүнгээр эрчим хүчний салбарын хэмжээнд дээгүүр байр суурийг эзэлдэг юм.
Ажиллагсдынхаа амьдрах нөхцөл, орон байрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор сүүлийн 10 жилийн байдлаар нийт 56 ажилтанд орон сууц, хашаа байшин худалдан авах нөхцөл сайжруулахад нь 610,300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн.
Мөн “ДЦС-2” ТӨХК-ийн дэргэд спорт цогцолборыг ашиглалтанд оруулснаар станцын баг, тамирчдын системтэй бэлтгэл сургуулилт сайжирч, эрчим хүчний салбарын уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэв. Үүний дүнд эрчим хүчний салбарын спортын тэмцээнүүдэд амжилттай оролцож шагналт байруудад тогтмол шалгарсан байна.
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн дэргэд ажиллагсдын сайн дурын санаачилгаар 1961 онд байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байна. Тус хороо нь өнгөрсөн хугацаанд 2009, 2010, 2011, 2016, 2020 онуудын “Тэргүүний ҮЭ-ийн хороо”-гоор шалгарч байсан бөгөөд МҮЭ-ийн холбооны “Тэргүүний ажилтан”-аар 1, МҮЭ-ийн холбооны “Тэргүүний идэвхтэн”-ээр 2, МҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 5, МҮЭ-ийн холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр 6, ЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны “Тэргүүний ажилтан”-аар 12, ЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр 13, ЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 4 ажилтан тус тус шагнагдсан байна.
Мөн тус станцын дэргэдэх Ахмадын зөвлөл нь 1988 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 172 ахмад настанг хамруулж ажиллаж байна. Тус станцын удирдлага хамтын гэрээндээ ажиллагсдын нэгэн адил өндөр настны асуудлыг тусган тэтгэвэр тусламж, урамшуулал, хөнгөлөлтийг олгож байгаа бөгөөд жил бүр ахмадуудын нийгмийн халамжинд 103,3 сая гаруй сая төгрөгийг зарцуулж байна.
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХКомпанийн 60 жилийн түүхэн замналын хугацаанд эрчим хүчний боловсон хүчний нөөцийг бэлтгэх, техник технологийн дэвшил шинэчлэл, үйлдвэрлэлийн чанар, цар хүрээгээ нэмэгдүүлсэн үзүүлэлтээр эрчим хүчний салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд өнөөдөр бид өмнөх үеийнхний амжилтын буухиаг үргэлжүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд хамт олны хөдөлмөрийн амжилтыг өндрөөр үнэлж, Засгийн газар, холбогдох байгууллагаас шагнасан зарим шагналыг дурдвал:
2003 онд “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж”,
2006 онд “ Буян хишигт байгууллага” өргөмжлөл,
2008 онд “ Бизнесийн эрхэмсэг оршихуй” дэд шагнал,
2009 онд “ Тэргүүний үйлдвэрлэгч байгууллага”,
2013 онд “ Хүмүүнлэгт ээлтэй хамт олон”,
2014 онд “Тэргүүний үйлчлэгч байгууллага”,
2014 онд Шилдэг шимтгэл төлөгч байгууллага”
2015 онд ЭХС-н “ДАРХАН-2015” спортын их наадмын Биллъярдын тэмцээний
“Тэргүүн байр”-ын шагнал
2016 онд “Хүмүүнлэгийн үйлийн манлайлагч” байгууллага
2019 онд “Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан” тэргүүн байр
Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлт жилээс жилд өсч байгаатай уялдуулан тус станц нь суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглах, үндсэн тоноглолын эвдрэл саатлаас шалтгаалсан зогсолт гаргахгүй байх зорилгыг тавин ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий эрчим хүчний системд оргил ачааллын зохицуулалт хийх боломжтой, Улаанбаатар хотын дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чадал бүхий 100-200 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг боловсруулан Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаас дэмжсэн шийдвэрийг гаргуулаад байна. Одоогийн станцын эзэмшил газар нутаг дээр хуучин станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр 3-5 жилийн хугацаанд шинэ төслийн станцын эхний блокуудыг барьж, ашиглалтанд оруулахаар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.