Зуух № 1-д нэвтрүүлсэн нам температурын эрчимжсэн буцлах давхаргад түлш шатаах технологийн шинэчлэлт



ТС-35 маркийн зуух №1-ийг нам температурын эрчимжсэн буцлах давхаргад түлшийг шатаах шинэчлэлтийн ажлыг 2019 оны 9-р сараас эхлэн барилга угсралтын ажлыг хийж 2020 оны 3-р сард ашиглалтад оруулж тоног төхөөрөмжийн ажиллагааг зүгшрүүлэн, горим туршилтыг хийж гүйцэтгэв.

ТС-35 маркийн зуух №1-д нам температурын эрчимжсэн буцлах давхаргад түлш шатаах технологи нэвтрүүлсэнээр хуучин ашиглаж байсан хөргөлтийн тавцан дээр нүүрсийг шатаах технологитой харьцуулбал шаталтыг бүрэн хэмжээнд явуулж зуухны АҮК-ийг нэмэгдүүлэх, уур, усны параметрийг бүрэн хэмжээгээр хянаж автомат ажиллагаанд оруулан орчин үеийн автомат удирдлагатай шинэчилсэн зуух болсон.

Зуухны нүүрс тэжээгч, утаа сорогч, анхдагч салхилуурын хөдөлгүүрүүдэд инвертер нэмж тавьснаар нүүрсний шаталтын горимыг тохируулах, удирдах үйл ажиллагааг хөнгөвчилсөн төдийгүй зуухны тоноглолын цахилгаан эрчим хүчийг хэмнэж байна.

Зуухны халах гадаргуу уур халаагчийн үеийг нэмэгдүүлж уур боловсруулах хэв /номиналь/-ийн хүчин чадлыг 7-8 тн/цаг нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн их ачаалал 45тн/цаг хүртэл ачаалах боломжоор хангагдаж станцын үндсэн тоноглолын горим ажиллагаанд эерэгээр нөлөөлөх боллоо. Тухайлбал өвлийн их ачаалалд тус станц гурван трубагенератор, дөрвөн зуухтай ажиллах горимоор явдаг байсан бол 2020 оноос шинэчилж уурын хүчин чадлыг нэмэгдүүлсэн уг зуухыг ашигласанаар гурван зуух ажиллагаанд явж бэлтгэлд хоёр үндсэн тоноглол байснаар станцын найдвартай ажиллагааг ханган зуухны явалт зогсолтыг цөөрүүлж хэмнэлттэй ажиллах боломж бүрдэв.

Зуухны шинэчлэлтээр ашиглалтын үйл ажиллагаа дээшилж хуучин ашиглаж байсан зуухтай харьцуулахад ажлын байрны тоосжилт, аюулгүй ажиллагааны эрсдэл эрс буурч машинч болон туслах машинчийн гар ба механик ажиллагаа бүрэн арилсан.

Түүнчлэн хуучин зуухны галын хотол нь ашиглалтын найдвартай ажиллагаа багатай, шаталтын процесст өндөр температурт хүртэл халдаг, нүүрс шатаах тавцангийн металлын элэгдэл ихтэй, агаар нэвтрүүлэх нүх бүхий угольник шатаж тасарсанаар нүүрсийг бүрэн шатаах боломжгүй, гар аргаар нүүрсийг шилээгүүрдэн хөдөлгөж шаталтыг дэмждэг, хөргөлтийн усны труба богино хугацаанд элэгдэж цоордог, халуун агаарын хайрцагны лист төмөр амархан хэв гажилтад ордог, шлак зайлуулах ажиллагааг гараар хийдэг зэргээс жил бүр ихээхэн хэмжээний засварын зардал шаарддаг хүндрэлийг арилгаж, иж бүрнээр шийдвэрлэлээ.

Тус станцд хэрэгжүүлсэн зуухны шинэчлэлт өөрчлөлтийг эрчим хүчний системийн дунд даралтын ижил төрлийн тоосон системтэй зууханд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ихээхэн хэмжээний хэмнэлт бий болгох нөхцөлийн бүрдүүлж байна.