ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
1. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх
- Нүүрс, мазут, хий зэрэг түлш шатааж уур үйлдвэрлэн, уурын турбиныг эргүүлж цахилгаан үүсгэх.
- Үндсэн зорилго нь хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах.
2. Дулааны эрчим хүч үйлдвэрлэх
- Уурын зуухнаас гарсан дулааныг зөвхөн цахилгаанд бус, мөн дулаан хангамжид (хот, үйлдвэрийн халаалт, халуун усны системд) ашиглах.
- Энэ үйлдлийг дулааны цахилгаан станц эсвэл дулаан-цахилгаан хосолсон станц (ТЭЦ) гэж нэрлэдэг.
3. Найдвартай ажиллагаа, системийн тогтвортой байдлыг хангах
- Эрчим хүчний системийн суурь ачааллыг хангах, эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг зохицуулах.
- Тогтмол давтамж, хүчдэлтэй цахилгаан нийлүүлэх.
4. Нөөц ба системийн уялдаа
- Эрчим хүчний системд шаардлагатай үед нөөц эрчим хүч гаргах.
- Бусад эх үүсвэрүүдтэй (усны цахилгаан станц, сэргээгдэх эх үүсвэрүүд) зохицож ажиллах.
5. Аюулгүй ажиллагаа ба байгаль орчны хяналт
- Үйлдвэрлэл явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах.
- Үнс, утаа, хий ялгаруулалтыг багасгах, үнсэн сан, хаягдлын зохистой менежмент хийх
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Тус компани нь 1961 онд БНХАУ, БНМАУ-ын засгийн газруудын хооронд байгуулсан гэрээгээр ТС-35 маркийн ул ширэмт 3 зуух, АК-6 маркийн конденсацийн 2 турбогенератортайгаар ашиглалтад орж, Толгойтын районыг цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн. ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1970 онд БКЗ-75-39 ФБ маркийн 2 зуух, ПТ-12-35/10 маркийн 1 турбингенератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 24 МВт болж конденсацийн станцаас цахилгаан, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэх цахилгаан, дулааны төв болон өргөжсөн.
Улаанбаатар хотын баруун дүүргийн дулааны хэрэгцээ өсч ирсэнтэй холбогдуулан 1980 онд АК-6 маркийн конденсатын турбинд өөрчлөлт хийж 1,2 кг/см2 -ын эсрэг даралтын технологид шилжүүлснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 21,5 МВт болсон. 2012-2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 т/ц бүтээмжтэй шинэ зуух, турбин №2 Р-4 -ын шинэчлэлээр 6 МВт –н хүчин чадалтай конденсатын шинэ турбин тус тус суурилуулснаар 24 МВт–ын суурилагдсан хүчин чадалтай болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор Дулааны хоёрдугаар цахилгаан станц /“ДЦС-2“/ ТӨХК гэсэн бие даасан төрийн өмчит хувьцаат компани болон зохион байгуулагдсан.
- Үндсэн үйл ажиллагааны чиглэл: Цахилгаан, дулаан үйлдвэрлэх
- Статус, өмчийн хэлбэр: 100 хувь Төрийн өмч
Өнөөдөр тус станц нь жилдээ дунджаар 165 орчим сая квт.ц цахилгаан эрчим хүч, 250 орчим мянган Гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний 95 орчим хувийг “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХКомпанид, дулааны эрчим хүчний 87 хувийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКомпанид борлуулан ажиллахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчээр 16, технологийн уураар 29, дулаацуулгын дулааны эрчим хүчээр 21 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг шууд ханган ажиллаж байна.
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон жил бүр цахилгаан, дулаан үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд 64 жилийн хугацаанд 5.6 тэрбум гаруй кВт.ц цахилгаан эрчим хүч, 11.9 сая Гкал дулааны эрчим хүч түгээсэн эрчим хүчний салбарын ууган үйлдвэр болжээ.
Үйлдвэрлэлийн бус хэрэгцээнд зарцуулагдаж буй цахилгаан эрчим хүчийг хэмнэх бодлогыг тууштай явуулсны дүнд жил бүр дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулан ажиллаж байгаа бөгөөд 2024онд 11.31% буюу ашиглалтанд орсноос хойших хамгийн бага дотоод хэрэгцээний хувь хэмжээ юм.
Эх үүсвэрийн хувьд хийх өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд:
50х2 МВт-ын хийн цахилгаан станцын өргөтгөл
Төвийн бүсийн эрчим хүчний систем нь оргил ачааллын үед импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч худалдан авч системийн горим ажиллагааг тохируулдаг. 2017-2018 оны өвлийн их ачааллын үед импортын цахилгаан эрчим хүчний хамгийн их чадал 140 МВт хүрч, сардаа дунджаар 15-20 сая.кВтц цахилгаан эрчим хүчийг ОХУ-аас импортлон авч хэрэглэсэн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 100 МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд ажиллаж байгаа бүх цахилгаан станцуудын насжилт өндөр, оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллаж байгаа нь эрчим хүчний аюулгүй ажиллагаанд ноцтойгоор нөлөөлөх болсон.
Ийм учраас оргил ачааллын үед богино хугацаанд хурдан ачаалал авч чадах маневар сайтай цахилгааны эх үүсгүүр барьж байгуулах ажлыг маш түргэн хугацаанд зохион байгуулах үүднээс ЭХЯ-наас өгсөн чиглэл, ажлын даалгаврын хүрээнд энэ ТЭЗҮ-г боловсруулсан. Цаашлаад хөрөнгө оруулалт болон шингэрүүлсэн байгалын хийг тээвэрлэх боломжыг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна.
Үнсэн сангийн талбайд шинээр барих 300 МВт-ын ДЦС-ын өргөтгөл /ТЭЦ 5/
Дулааны хоёрдугаар цахилгаан станц нь Шинэ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн бэлтгэл ажлыг амжилттай хийж, төслийн баримт бичгийг Нийслэлийн Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл хариуцсан захирал Б.Бямбадоржид албан ёсоор хүлээлгэж өглөө. Шинэ Дулааны тавдугаар цахилгаан станцын бэлтгэл ажилд станцын инженер, техникийн ажилтнууд идэвхтэй оролцож, төслийн явц, техникийн шаардлага, барилгын ажлын зохион байгуулалтыг бүрэн хангасан байна. Төслийн баримт бичигт станцын газар, байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, барилгын ажлын төлөвлөгөө зэрэг бүхий л шаардлагатай мэдээлэл багтсан байна. Нийслэлийн төсөл хариуцсан захирал Б.Бямбадорж энэхүү төслийн баримт бичгийг хүлээн авч, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын баг хамт олонд бэлтгэл ажлыг чамгүй сайн хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийлж төслийн талаарх санал бодлоо илэрхийллээ. Шинэ Дулааны тавдугаар цахилгаан станц нь Нийслэлд харьяалагдах ба барилгын ажил удахгүй эхлэхээр төлөвлөгдөж байна. Энэхүү төслийн амжилттай хэрэгжилт нь Улаанбаатар хотын эрчим хүчний салбарын хөгжилд шинэ хуудас нээж, ирээдүйд тогтвортой хөгжихөд чухал хувь нэмэр оруулах болно.