Турбингенератор №2-ын найдвартай ажиллагааг хангах зорилгоор статорын ороомгийн засвар, өндөр хүчдэлийн туршилтын ажлыг шуурхай зохион байгуулан амжилттай гүйцэтгэлээ.
2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Турбингенератор №2-ын статорын ороомог гэмтэлтэй нь тогтоогдож, үзлэг шалгалтаар ороомог дух хэсэгтээ тасарсан байдалтай байсан нь илэрсэн. Үүний дагуу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус генераторын роторыг сугалж, гэмтсэн 3 ширхэг статорын ороомгийг “Сан Со Ресурс” ХХК-д хүргүүлэн изоляцийг сэргээх засвар хийлгэж, стандартын дагуу өндөр хүчдэлийн туршилт хийлгэсэн. Туршилтын үр дүн хэвийн гарч, тоног төхөөрөмжийг дахин угсран ашиглалтад оруулсан.
Мөн нийт 157.4 кВт-ын нийлбэр чадалтай 7 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн статорын ороомог гэмтсэнийг оношлон, үүнээс 6 хөдөлгүүрийг станцын дотоод нөөц бололцоонд тулгуурлан сэргээн засварласан байна. Хэрэв эдгээр хөдөлгүүрүүдийг гаднын байгууллагаар засварлуулсан тохиолдолд 1 кВт чадлыг дунджаар 180,000 төгрөгөөр тооцоход нийт зардал 28.33 сая төгрөг болох байсан бол өөрсдийн хүчээр сэргээн засварласнаар 20.24 сая төгрөгийн бодит хэмнэлт гаргалаа.
Уг засвар, туршилтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэснээр Турбингенератор №2-ын хэвийн, найдвартай ажиллагаа бүрэн сэргээгдэж, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо.